“Монголын урлагийн музейг үүсгэн байгуулагч Д.Батбаяр миний бие олон жилийн хүч хөдөлмөр, эрэл хайгуулын үр дүнд цуглуулсан  монгол орны түүхэн өв соёлын дурсгал, ховор нандин урлагийн бүтээл, үзмэрүүдээс бүрдсэн цуглуулгаа  энэхүү музейдээ дэглэн дэлгэж Та бүхэндээ толилуулж байнаа.

“Хорвоотой танилцах”-даа л тал нутаг, мал ахуйтай ойр байсных уу сав л хийвэл, энэ ямар учиртайн бол, яагаад ингэсийн бол гэж өөрөө өөртөйгөө ярилцаж байдаг сониуч нэгэн байсан минь хожмоо аливаа зүйлсийн эх үүсэл буюу үүх түүхийг  сонирхдог нэгэн болоход нөлөөлсөн болов уу. Бидний хүүхэд ахуй цагт аливаа мэдээллийг зөвхөн номоор л дамжуулж авдаг болохоор номтой нөхөрлөж, номонд “шунасныхаа хүчинд” урлагийг  ивээгч бурхан “Янжинлхам” ивээлээ надад хайрласан байх.

Хөдөө нутагт тэр болгон номын бараа харах нь тун ховор. Зуны амралтаар хөдөө гарч хамаатнууддаа мал ахуйн ажилд нь туслах ба тэдний гар цайлгасан мөнгийг тэр чигт нь ном болгодог байлаа.

Дундговь аймгийн төвийн “Номын Их дэлгүүр”-ээр их эргэлдэнэ. Хадгалсан,цуглуулсан мөнгөнийхээ хэрээр ном худалдан авах, авч чадахгүй байлаа гэхэд  шинэ гарсан номтой тэнд л “танилцана”. Өөрийн өмчийг гэрийнхээ номын шүүгээнд хадгалдаг байв. Сүүлдээ номоо тусгаарлан 200-н цагаан орны доогуур хайрцаглан хадгалдаг болсон.  7-р анги төгсдөг жилээ зуны амралтаараа анх удаа албан ёсоор ажил хийж үзлээ. Ажлын хөлсөнд авсан 20 төгрөгнийхөө 18-аар  нь “Дэлхийн улс орнуудын түүх” хэмээх зузаан ном худалдан авав. Уг номноос дэлхийн 200 гаруй улс орнуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл болох хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил, байгаль цаг уурын нөхцөл байдал, хэл соёл, зан заншил, улс төрийн тогтолцоо, нийслэл хот, эдийн засгийн байдал, шашин шүтлэг, тэдгээрийн удирдагчид, нийгмийн байдал, түүхийг олж мэдсэн ба улмаар энэ нь маш сонирхолтой санагдаж байн байн уншсаар бүгдийг нь цээжилчихсэн. Ёстой нөгөө ширээний ном маань болсон доо. Энэ номоор дамжуулан түүхийг сонирхож эхэлсэн ба номын цуглуулга ч тэр хэмжээгээр арвижиж эхэлсэн. Тэр тусмаа монгол орныхоо түүхийг шимтэн сонирхосноор, дэлхийн соёл иргэншлийн түүхэнд монголчууд ямар үүрэг гүйцэтгэснийг, цөөхөн хүн ам, асар уудам нутаг бүхий улс маань одоог хүртэл устаж  мөхөөгүй оршсоор ирсний учир нь хүн ардынх нь өвөрмөц хүмүүжил, ёс зүй, соёл иргэншилтэй холбоотой болохыг ухаарсан.

Тэр үеэс л  ”Эх орон гэдэг маань бидний хайраа шингээсэн эх хэл, газар шороо, өвөг дээдсийн түүх, үлдээсэн өвийг хэлдэг” гэж Расул Гамзатовын хэлсэн үг бяцхан ой тойнд минь гүн шингэж үлдсэн. Ер нь тэгээд  их л сониуч зантай байсан маань цаад утгаараа түүхийг сонирхоход нөлөөлж, түүхийг сонирхсоноор аливааг цуглуулах нэг ёсны хобби маань эхэлсэн гэж боддог.

Хожим 1980-аад оны сүүл 90-ээд оны эхэн үед Монголын Радиогийн “Уран зохиолын” редакцид сурвалжлагчаар ажиллаж байхдаа эх орныхоо өнцөг булан бүрт очиж түүхэн дурсгалт газруудаар явж он цагийн амьд гэрч болсон ахмад буурлууд, эрдэмтэн мэргэдийн үгсийг ард түмэнд хүргэх нэвтрүүлэг бэлтгэхээс гадна монгол хүний оюун сэтгэл, хүч хөдөлмөр, ур ухаанаар бүтсэн агуу  бүтээлүүдийн гайхамшгийг мэдэрч эхэлсэн. Цаг хугацааны шалгуурыг даван туулсаар өдгөө бидний үед ирсэн атал  бидний харалганы харгайгаас алдагдаж бүү алга болоосой, монголын гэсэн тодотголтойгоор дэлхий дахинд гайхагдаасай. Монголын түүхийг дэлхийд цаашлаад ирээдүйд хүргэхэд иргэн хүнийхээ хувьд миний зүгээс хийж чадах юм юусан билээ гэсэн бодлыг давхар тээх болсон. Бид монголын агуу гайхамшигийг  зөвхөн түүхээс л харж болно. Тэр тусмаа монгол улс шиг арвин баялаг түүхтэй, агуу ёс заншилтай ард түмэн бид соёлын дархлаагаа сэргээхгүй бол хожимдох, хожмоо харуусаад ч барахгүй эмгэнэлд хүрч болох буй заа.

Одооноос арав хориод жилийн өмнө монголын гэсэн тодотголтой эд өлгийн зүйлс одоог бодвол харьцангуй элбэг байж дээ. Бага залуу ч байж. Тэр үед бүгд энэ чигээрээ л байж байх юм шиг санадаг байсан. Авъя, цуглуулъя гэж хичнээн хорхойсч байвч, бэл бэнчингийн хэмжээ бүхнийг шийддэг учраас боломж хомс байж. “Улсын төв номын сан”-гийн үүдэнд байрлаж байсан 1951 онд хуучнаар ЗХУ-н Төрийн зургаан удаагийн шагналт, алдарт уран барималч Н.В.Томскийн бүтээл хүрэл цутгуур бүхий И.В.Сталины хөшөөг өөрийн болгож авсан. Уг хөшөө социализмын тогтолцоо нуран унах үед сууринаасаа буугдаж, улмаар найман жилийн турш номын сангийн ард байрлах аж ахуйн хашаанд хэвтсэн, нэг ёсондоо “ хэрэгцээнээс хасагдчихсан “ байсан хэрэг л дээ. Түүнийгээ өөрийн барьсан барилгадаа оруулан суурьлуулж , ”Иссимус” нэртэй клуб байгуулж байлаа. Сталины цэргийн цол буюу ЗХУ –н армийн дээд цол болох генералиссимус –н сүүлийн хэсгээр клубээ нэрлэчихсэн байдаг, ганцхан хөшөөтэй байгаад байлтай биш, тохижуулах зорилгоор Сталинтай холбоотой  уран бүтээл, зураг энэ тэрийг цуглуулж эхэллээ.

Улмаар “Харли Дэвидсон” нэртэй одооныхоор бол амьхандаа л “Кофе шоп” юм даа, нээлээ. Түүндээ мөн л “Харли”-н мотоциклээс эхлээд, хувцас хэрэглэл, 1930-аад оны сүүлээр Америкийн худалдаачин Берман анхны 13-н нэг болох Данзанд “Харли Дэвидсон” мотоциклийг бэлэглэж буй үеийн томоо фото зураг гэх мэтийг тавиад л…Ер нь л тэр цагаас хойш аливаа зүйлийг  коллекцоор нь цуглуулбал илүү өгөөжтэй юм байна гэдэг ойлголт төрсөн.

Ингээд 1990-ээд оноос эхлэн монголын түүхийн холбогдолтой эд өлгийн зүйлийг зорилготойгоор цуглуулж эхэлсэн. Хүүхэд байхдаа саваагүйтэж цуглуулдаг байсан чихрийн цаасны цуглуулга маань номоор өргөжиж,улмаар эртний эдлэл рүү орсон доо.

Эхний үедээ хүмүүсийн санал болгож барьж ирсэн зүйлийг шилж сонгоод авдаг байсан бол яваандаа ийм сурвалжтай, ийм зүйл тэнд байдаг гэсэн сургаар эрж хайж авдаг болсон.

Улам бүр устаж үгүй болсоор байгаа монголын маань түүхийн ховор нандин дурсгал бидний монголчуудыг бусад үндэстнүүдээс өөр гэдгийг дэлхийд таниулах урлагийн бүтээлүүдээс өчүүхэн хэсгийг ч болов үр хойчдоо өвлүүлэн үлдээе гэсэн бодол тээж л яваа маань энэ дээ.

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.