Л.Бавуудорж, С.Төгс-ОюунНөхөд минь чимээгүйхэн биднийг орхисоор... Алсын алс руу...
Чи хаачив...аа...
Бавуудорж маань урлангаар ирэх үедээ заавал миний өрөөгөөр орж элдэв сониноо ярина. Зураач нөхдийнхөө тухай, хөдөө хамтдаа явсан хөгжилтэй явдалуудаа бид хоёр ярих дуртай, зуслангийн байшин барьж байгаа тухайгаа, мөн тэр үедээ гараа гэмтээснээ, гэхдээ байшингаа барьж байхдаа биш харин нохойндоо үүр засч өгөх гэж байгаад гэх зэргээ, бас хамгийн хайртай ихэр ач Анар, Анужин хоёрынхоо тухай гээд л маш өргөн сэдвээр удаан үргэлжилнээ. Энэ үедээ бид хоёр кофе уудагсан. Хааяа бас зуун грамм байвал амсуулна. Байхаасаа байхгүй нь их дээ. Байвал гэхдээ бага зэрэг шүү, бага зэрэг байхгүй бол ёстой болохгүй, охин Мөнхцэцэг нь хатуу хяналт тавина. Түүнээс бас эмээх хэрэгтэй болдог тухай би бодсоор...
Бавуу-өнөөдөр чамтай ахиад л хууч хөөрмөөр санагдах чинь... Одоо хоёулаа жаахан ярилцах уу?
Т: - Тэнгэрийн орноо залагдан одоод арваад хонож буй анд минь сайн байна уу?
Б: - Сайн л гэх үү дээ !
Т: - Өнөөдөр сайхан нарлаг өдөр болж байнаа , энд. Гэр бүлийнхэн чинь, найз нөхөд чинь өнөөдөр чиний “Тэнгэрийн ташуур” үзэсгэлэнг чинь нээлээ.
Б: - Тийм л байх даа.
Т: - Чи ямар их бүтээл хийсэн юм бэ ? Ер гаруй уран бүтээл байна. Маш олон төрөлөөр бүтээн туурвижээ. “Тэнгэрийн ташуур” зургийн чинь гол цөм болсон Монголын түүхэнд сор болсон хүмүүсийн хөргүүд их сонирхолтой юмаа. Зуу хол давсан дүрүүд байнаа, зарим хүмүүсийн хөргийг бараг л дуусгачихсан байх чинь...
Өчигдөр би Ардын жүжигчин Чимэд-Осор гуайн хөрөг зургийн фотог авч хүү Болдод нь мэйл-ээр явууллаа. Гэнэтийн маш сайхан бэлэг авлаа гээд хариу ирүүлээд бөөн баяр хөөр байнаа.
Монголын урлагийн хүмүүс болон түүхэн хүмүүсийн талаар их сайн зүйл бичдэг залуу байдаг юм.
Б: - Уул нь ч би энэ зурагаа дуусгачих л санаатай байсансан... Хэрэв надад долоохон хоног байсан бол доо...
Т: - Бид танай гэрт очоод энэ зургийг чинь ихэд сонирхон үзэж, тэр гуай, энэ гуай энэ байна гээд л бараг бүх хүн нь танигдаж байна лээ. Цэцэгээ, Гантулга, Баярбаатар, Содном гээд л бид олуулаа байлаа.
Б: - Энэ үзэсгэлэнд дуусгаад тавих бодолтой байсан л даа... уг нь...
Т: - Харин тиймээ! Даанч хяслантай хорвоо юм даа, тийм ээ...
Б: - За тэр ч яахав ээ...яриад ч яахав дээ... одоо...
Т: - Би тэр зургийн чинь гол хэсгийн дээд захад чиний хөрөг байгааг хүртэл олж харсан гээч...
Бөөгийн өмсгөлтэй, бас хэнгэргээ дэлдээд ч байх шиг ээ... Бараг л чиний дуу миний чихэнд сонсогдох шиг болоод ч байх шиг ээ...
Б: - Сонсогдох хүндээ ч нээрээ сонсогдоно оо... За за тоглосон юм.
Т: - Танай удам тэнгэртэй байсан байхаа?
Б: - Харин чи юу гэж бодож байна?
Т: - Хн... Урин цаг наашилж, нүүдлийн шувууд ирээд л ,харин чи л биднийг орхиод явчих юмаа.
Б: - Зун болохоор л надад, та нартайгаа хамт говиор аялж явсан өдрүүд санагддаг байв даа, ахин заавал явна шүү гэж би чамд дандаа ярьдаг байсныг санаж байна уу чи?
Т: - Одоо чи, бас Баясгалан маань ч байхгүй... Манай багийн гишүүд нэг л цөөрөөд эхэллээ дээ.
Б: - Сайхан дурсамжаараа л ахин аялацгаахаас...
Т:- Чамайг тэнгэрт хальсанийг дуулаад Адьяабазар, Гунгаа хоёртоо хэлэх гэснээ... би...би...
Адьяа ч сонсоод л, уйлаад ,хашгираад бүүр ууж ч магад аа. Гэнэт таагүй зүйл тэдэндээ дуулгамааргүй санагдлаа... Бас Ганхүүд ч ...
Гунгаа маань ч бас бие нь жаахан тааруу... Бас л хэлж төвдсөнгүй, уулзахаараа л ... нэг...
Б: - 2003 оны намар бид Хонгорын элсний оройд гарч хавь ойрыг зурж мөн Гунгаа маань тэмээчин Ёндонгийн хөргийг зурж өгөөд, би хурдан морьтой нь хамт бас зурж билээ...
Т: - Өнгөрсөн зун би Өмнөговьд явж байхдаа ахин тэднийхээр айлчилж та нарын зураг зурж буй тээр жилийн фотог өглөө, Ёндонгийнхон бөөн баяр хөөр болсонсон шүү.
Б: - Ёндон биднийг Ёлын ам руу явахад ,аймгийн төв рүү бидэнтэй хамт хөдөлж замдаа нутгийн уяач Түвдэн-Очирынхоор оруулж билээ. Гэргий Баясгалан нь их сайхан дуулдаг бүсгүй ,биднийг бас сайхан дайлж байсан.
Т: - Манай Баясгалан дуунд нь уяраад л үүнийг харсан Гунгаа, хоёр Баясгалан нэг доор таарлаа гээд л Баясгаланг шоолж бөөн инээдэм болсонсон. Бас Өвөрхангайн Гучин-ус сумын Дагдан хэмээх газар зусч байсан малчин Бямбадорж, Баярсайхан нартай бид бараг л ах дүүс болсонсон. Завтай бол та нартайгаа хамт ингээд аялахсан гээд тэд салахдаа их л дурамжхан үлдэцгээж билээ.
Б: - Дундговийн Эрдэнэдалайд Баясгалангийн дүү Бат-Очирынд бууж алжаалаа тайлан хэд хоносонсон.Бас Мөнхбаяр гэдэг адуучин залуугийнд айрагдаад, гэргийг нь Туяа гэдэг .
Т: - Бас Ёлын амны ойролцоох “Ханбогд” жуулчны бааз-д очиход миний найз Амгалан, Энхцэцэг нар яг л гэртээ ирсэн юм шиг сайхан амраасансан.
Б: - Тийм шүү.Хонгорын элсний орой руу бид авирч гарах замд элсэн дээр далийн ягаан шиг сайхан цэцэгүүд ургасан байсан...
Шаргал элсэн дээр тод ягаан өнгө, ямар гоё өнгийн хослол вэ гэж би дуу алдсан...
Т: - Чи бас намайг энэ элсэн дээрх ягаан цэцэгтэй зурнаа гэж амласан.
Б: - Харин тийм! Би амьдрал ийм богино бас гэнэт тасалдана гэж бодсонгүй...
Т: - Гэхдээ тэр зургийг чи аль хэдийн сэтгэлдээ дүрсэлчихсэн, зотон дээр л төрж амжаагүй, яг л чиний дуусаагүй хөргүүд шиг...
Б: - Хн.. юу ч гэхэв...
Т: - Чиний Уран зургийн галерейд байдаг “Эхийн сэтгэл” зураг хүмүүсийн сэтгэлд хамгийн их хүрсэн шүү! Манай Л.Дашзэвэг тэр зургийг ширээн дээрээ тавиад П.Бадарч гуайн Эхийн сэтгэл шүлгийг найрагчийнх нь дуу хоолойгоор сонсгож намайг нэг удаа бараг л уйлуулах аа дөхсөн шүү.

Б: - Уг нь чи овоо хатуужилтайд орно шүү...
Т: - Гэсэн ч тэр удаа... Хн...
Б: - Муу-у –у-хай амьтан...
Т: - Энэ зургийн чинь талаар хүмүүс бүүр интернетээр ярилцдаг гээч...
Б: - Юу гэж ?
Т: - энэ “захидал” гэдэг зураг, уран зургийн галерейд байдаг, зураачын нэрийг санах гээд санах гээд орж ирдэггүй, яг хоолой дээр байгаад байдаг, санахаараа бичээд үлдээнээ заавал, нэг ийм үе байдагдаа мэдээд байдаг ,нэр орж ирдэггүй.. бүр аль хананд нь байдаг нь хүртэл нүдэнд харагдаад байх юм.”
“хөөрхий хүүгээ хүлээсэн говийн ганц чавганц юмуу өвгөн байна дөө, захиагий нь барьцан, өрөвдмөөр юм бэ”

“Тийм билүү би яг санахгүй юу билээ гээд л эргэлзээд байсын...Баярлаа танд.
энэ зургыг үзэж байх тэр үе сэтгэлд тодхон байна аа... нээрээл аль хананд өлгөөтэй байдаг нь хүртэл нүдэнд харагдаад...кэкэ”
“өө би ажил гараад явж явж ирлээ, Тушанаа маань хэлээд өгчээ, энэ манай сайн найз Мөнхцэцэг гэдэг зураачын аав бавуудорж гуайн ээжийгээ зурсан зураг юм билээ, найзынхаа аавын нэрийг мэдэхгүй өөрөөс нь асуусан юм, кэкэ”
гээд л... өөр...
Б: - Өө... бас...
Т: - Бас “Монголын нууц товчоон” цахим цогц бүтээлийн тухай...
гурван зуун тавиад зургийг Монголын урчуудийн эвлэлийн шагналт зураач Л.Бавуудорж охин Б.Мөнхцэцэгийн хамт зурсан тухай...
Б: - Уул нь энэ Монголдоо тараагдсан бол зүгээрсэн...
Т: - Чиний зургийн сэдэвүүд их өргөн хүрээтэй юм аа! Үр хүүхэд, эх орон, элгэн садан, гэргий Шүрээ гээд л ...
Цаг үеийн ороо бусгааг “Нэгэн амьдрал” (цуврал), “Тэнгэрийн гэсгээл”, “Амьдрал” зургуудаараа олны сэтгэлд хоногштол бүтээжээ. Мөн алдарт “Эхийн сэтгэл” зургийн эх загвар болсон ээжийн чинь сайхан хөрөг байна. Судалбар зургууд, усан будгийн бүтээлүүд чинь сайн юм аа.
Б: - Байгалийн сэдэвт зургууд ч олон бий шүү.
Т: - Чиний “Ээж хайрхан”, “Нутгийн овоо” зэрэг Алтай нутгаа магтан дуулсан томоохон бүтээлүүд бий. Танай нутгийг би сайн мэддэг болохоор эдгээр зургийг харахаар эргээд очих шиг л болдог. Харин Уран зургийн галерей болон хувь хүмүүст байгаа зургууд чинь энэ үзэсгэлэнд тавигдсангүй шиг...
1970-1990 онд Гунгаа, Мижиддорж та гурав Хотын урчуудын салбарын эх загварын зураачид гээд их л чухал хүмүүс байлаа шүү дээ!
Б: - Тэр үед захиалгын ажилууд их хийж байсан... Социализмыг бүтээн байгуулж байлаа шүү дээ.
Т: - Бас чи номын зураг чимэглэл их хийсэн байх шүү.
Б: - Тоолж байсангүй...
Т: - Заримдаа над дээр түүхэн зохиолд номын зураг зуруулах захиалга ирэхээр нь чамайг заагаад өгчихдөгсөн, амар байжээ. Чам шиг түүх рүүгээ гүн нэвтэрсэн биш дээ би.
Б: - Өнгөрсөн түүхэнд маань бахархмаар зүйл ч их бий шүү.
Т: - 2005 онд бүтээсэн “Эр бор харцага” зурагт чинь би их дуртай. Чи эр бор харцагын жишгээр амьдарлаa даа.
Б: - Тийм гэж үү? Хн... муу-уу-хай амьтан...
Т: - Үүгээр яриагаа өндөрлөе!
Бийр будаг нь хатаж амжаагүй зургийн тавиур дээрээсээ чиний гэрэл зураг намайг ширтсээр...

Зуны тэргүүн сарын шинийн таван

МУЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.