ТҮҮХИЙГ ИРЭЭДҮЙД ХҮРГЭНЭ

“Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино” хэмээн их эзэн Чингис хааны айлдсан үг байдаг.

Цаг хугацаа хэнээс ч үл зөвшөөрөл аван сар жил,зуун зуунаар урсан өнгөрдөг. Хорвоод тухайн өнгөрч буй агшин ,цаг үеийнхээ үнэ цэнийг мэдэрч цагийг эзлэн амьдарна, хийж байгаа зүйл ,амьдарч байгаа амьдралынхаа нэг хэсэг эд эс нь болно гэдэг хүмүүн заяаг олж төрсөн бидний адгууснаас ангид нэгэн болохын утга учрыг өгүүлнэм . Монголын их тал нутгийн тоосыг л хөдөлгөх гэж энэ газар төрсний хувьд эх түүхээ ,агуу ёс заншлаа хөсөр гээж яахан болох билээ.Эхийн хэвлийгээс унаж, эхэлж хэлд орохдоо “Эжий , Монгол” гэдэг үгнүүдийг хэнээр ч заалгалгүйгээр хэлж,аргамаг хөлгийнхөө зоон дээр хэний ч тусламжгүйгээр мордсон эрэлхэг Монголын үр сад бид эртнээс уламжилж ирсэн агуу их түүхийг мартсан бол санаж ,санасан бол ухаарч, хойч үедээ улбаалан үлдээх ёстой.Тэгвэл бидний дундаас хэд мань энэ бүхнийг ухаарч сэхээрч явдаг билээ.

Монголчууд дэг, ёс жаяг, амьдрах ухааны агуу их уламжлалтай ард түмэн. Тэр бүгдийгээ сэргээж өөрсдийн гэсэн үнэт зүйлээ мэдрэх нь өнөө цагт хамгийн чухал зүйлийн нэг яахыг аргагүй мөн.Эдийн засаг, цэрэг дайны , сүсэг бишрэлээр, генийн бүтцийн нөлөөллөөр, газар шороог эвдэн сүйрүүлэх замаар,үндэстэн ястныг хагаралдуулж эв нэгдлийг устгахаар, соёл уламжлалыг мартагдуулж бусдын нөлөөнд хэт автуулж,уусгах замаар аливаа улс гүрнийг эрхшээлдээ оруулан үгүй хийдэг түүх дэлхий нийтэд түгээмэл байдаг. Монгол үндэстний хувьд ч энэхүү эмгэнэлийг туулж ирсэн гашуун тавилантай улс. Монголын түүхэнд эд өлгий, бичиг соёл ,урлагийн бүтээл нь мартагдсан цагаан орон зай жарнаар бус зуун зуунаар яригддаг бус уу. Бидний өвөг дээдэс үлгэр туульс , аман домог,хууч яриа, сургааль номлол,ёс заншил, өв уламжлал, домог түүхээрээ алхам тутамдаа энэ агуу ард түмнийг дэлхийн түүхэнд нэртэй байлгаж, дээрхи аюулаас ангид явахыг сануулсаар ирсэн билээ.Бидэнд Чингис хаанаас урагшаа хэдэн зуун жил, хойшох хэдэн зуун жилүүдийн өв соёл уламжлагдан ирсэн нь нэн ховор.

Монголын түүх соёл өнгөрсөн,одоо,ирээдүй аль ч цаг хугацааны мөчлөгт бүдгэрэн мартагдах ёсгүй. Иймээс байдлыг харж, урсгал даган урссангүй. Эх түүхээ мэдэхгүй бол ердөө л эв зүйдээ ороогүй хүн сүрэг юм. Эх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин юм. Урлагийн таашаал, урлагийн бүтээлийн гоо сайхныг үл анзааран амьдарч буй хүн бол эх орондоо хайртай боловч эх орноо тал хайраар хайрлаж байгаагаас ялгаа юун билээ. Иймийн тулд БИ МОНГОЛ ХҮН- МОНГОЛ ҮНДЭСТЭН гэдгээрээ омогшин бардамнаж энэхүү агуу ард түмний түүх, соёл урлагийн зах зухаас дэлгэн тавьлаа.Ази ,европын нүүдэлчдийг нэгтгэн эзэнт гүрнийг байгуулсан Хүннүгийнхнийг монголчууд бидний өвөг дээдэс гэж үздэг. Тэр үеэс уламжлагдсаар ирсэн өв соёл,ёс уламжлал, зан үйлийн холбогдолтой эд өлгийн болон урлагийн бүтээлүүдийн гайхамшигийг эндээс үзэж өвөг дээдсийнхээ ид хавыг мэдрэх болно.Монголчууд XIII зуунд дэлхийн их эзэнт гүрнийг зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр биш ,харин олон зууныг дамжин ирсэн түүхэн уламжлал, хамтын хүч , нүүдэлчин түмний тэсвэр хатуужил , оюунлаг сэтгэлгээ, холч ухаан, алсын хараа, үндэсний бахархалтайн хүчээр байгуулсан билээ.

Энэхүү агуу их түүхтэй ард түмний үе үеийн төлөөлөл болсон сод авъяас чадвар, хурц билиг оюун Хүннүгийн үеэс эдүгэ цагийг хүртэлх   дахин давтагдашгүй ,гайхамшигт үзмэр , уран бүтээлүүдтэй Та бүхнийг танилцуулж буйдаа баяртай байна. МОНГОЛЫН УРЛАГИЙН МУЗЕЙ-г үзсэнээр монгол хүн утга учиртай амьдарч, Монгол улс өнөд мөнхөд мандан бадрахын үндэс болсон үндэсний ухамсар , эх оронч үзлийг бэхжүүлж, өнгөрсөн түүхээсээ суралцах,сургамж авах, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх боломжийг олгох ба гадныхны өмнө Монголоороо омогшин бардамнах сэтгэгдлийг төрүүлнэ гэдэгт найдаж байна.

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.