МУЭ-ийн шагналт зураач Л.Бавуудоржийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт “Монголын Урлагийн Музей”-н дэргэдэх “Од” галлерейд 2015 оны 12-р сарын 10-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд нэрт зураачийн гэр бүлийнхэн, Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун , Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Саруулбуян болон зураачдын төлөөлөл оролцож, нэрт зураачийн тухай халуун дотно яриа өрнүүлэн, үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг үзэж сонирхлоо.

neelt8Зураач Л.Бавуудорж Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1949 онд төрж, 1986 онд УБДСургуулийн уран зураг,хөдөлмөрийн ангийг дүүргэсэн. Урчуудын салбар, Монументаль чимэглэлийн үйлдвэрт зураач, Улаанбаатар хотын ерөнхий зураачаар ажиллаж байгаад 1990-ээд оноос бие даан уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Түүхэн, аж байдал, байгалийн сэдэвтэй зураг, хөрөг зургийн төрлөөр гадаад дотоодод зохион байгуулагддаг үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож ирсэн ба өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг 3 удаа зохион байгуулж байжээ. Өдгөө түүний уран бүтээлүүд Төрийн Ордон, Монголын түүхийн музей, Уран зургийн галлерей, Бөхийн Өргөө, ”Монголын Урлагийн Музей”-н сан хөмрөгт хадгалагдаж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд түүний эх хүний сэтгэлийг зураас бүртээ шингээн урласан гайхамшигт бүтээл болох -“Нэгэн амьдрал”, монгол бөхчүүдийн эр хавийг гайхуулсан -“Үзүүр түрүү”, түүхэн сэдэвтэй- “Найман шарга”, аж байдлын сэдэвтэй - “Нүүдэл” зэрэг 10 гаруй уран бүтээл тавигдсан. Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун, Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Саруулбуян нар ангийн андынхаа амьдрал, уран бүтээлийн тухай хууч яриа өрнүүлэн, зураачийн охин Б.Мөнхцэцэг аавыгаа дурсч, тус галлерейн дэргэдэх “АРТ кафе” –г зураач, уран бүтээлчдийн дэврүүн онгод, догдолсон сэтгэлээр дулаацууллаа.

Үзэсгэлэнд зураачийн тухай дурсамж ,нийтлэлүүд болон фото зургуудыг эмхэтгэн үзүүлсэн булан гарсан байна.

Тус үзэсгэлэн 12-р сарын 10-аас 12-р сарын 30-г хүртэл “Монголын Урлагийн Музей”-н дэргэдэх “Од” галлерейд зохион байгуулагдана.

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.